УИХ-ын экс гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалай Зайсангийн аманд задгай авирлах болсоор удлаа. Оргил рашаан сувилал, Бурхантай хөшөөний хажуухан талд нийтийн эзэмшлийн газарт дөрвөн давхар хувийн хаус бариулж байгаа түүнийг зогсоох хууль, хяналтын байгууллага, байцаагч, цагдаа аль нь ч хүчгүйдэж байна. Ийм байхад тэр хавийн иргэд шаардлага тавиад ямар ч нэмэргүй. Ер нь тэр орчим очсон, шаардлага тавьсан, хууль дүрэм сахихыг сануулсан, газар дээрээс нь сурвалжилсан хэнбугайг ч тэрээр “Би дүүгийнхээ авсан газар дээр хувийн хаус бариулж байна, тэгээд юу гэж. Та нарт ямар ч падлийгүй” хэмээн загнаж хөөж туух аж. Бас хэв журам сахиулахаар очсон цагдааг “Дарга чинь хэн бэ, утасных нь дугаарыг өг. Би ярина. Миний ажлыг зогсоодог хэн бэ тэр муу” хэмээн дарамтлах, сүрдүүлэхийг үзүүлж өгч байгаа юм. Ийнхүү дур зоргоороо авирлаад сурчихсан улстөрчийн араншин нь тэр үү, нам нь хүчтэй бас нөлөөтэй учраас ааг омог нь багтаж ядаж байна уу гэлтэй экс гишүүн, Эрүүл мэндийн сайд асан, одоо бол Хилийн боомтын захиргааны дарга Л.Гүндалай Зайсангийн орчим, Бурхантай хөшөөний хажууд бумба галзуурах гэгч л болж байна.
↧