2007.04.23 Дархан-Уул аймгийн Хонгор сумын цэвэрлэх байгууламжийн уснаас уусан хоёр үхэр, нэг хонь үхсэнээр Монголыг хэрсэн мөнгөн усны тор ил болов.
Тэнд монгол, хятад иргэд цианит натри, мөнгөн ус ашиглан алт ялгаж байсныг тогтоож, Хонгорынхон сумаараа хордсоныг Монгол Улсын Ерөнхий сайд хүлээн зөвшөөрч, уучлалт гуйлаа.
Тэр жил Засгийн газар 201 тоот тогтоол гаргаж, хоёр яам, таван агентлагийн мэргэжилтнүүдээс бүрдсэн Ажлын хэсэг илгээн, улсын хэмжээнд хоёр жил дамнасан үзлэг шалгалт хийн, гар аргаар алт олборлоход ашигладаг баахан төхөөрөмж хураан авч, Дарханы төмөрлөгийн үйлдвэр рүү ачуулсан. 10 аймгийн 120 гаруй газар, хэдэн арван худаг мөнгөн ус, цианитаар бохирдсоныг тогтоон, ДЭМБ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Байгаль орчны хөтөлбөр, Япон, Швейцарийн Засгийн газрын шинжээчдээс бүрдсэн олон улсын баг Монголд ирж ажилласан. ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийнхэн Дархан-Уул аймгийн Хонгор, Төв аймгийн Борнуур, Жаргалант, Баянхонгорын Баян-Овоо, Өмнөговьд долоон удаа судалгаа хийж, 358 хүний цус, үс, шээсийг шинжлэхэд 21.5 хувь нь хоёрдугаар, таван хувь нь гуравдугаар зэргийн хордлоготой байв. Үүнийг түгшүүр төрүүлэх хэмжээ гэж үздэг.
↧