УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Тагнуулын ерөнхий газрын машинтай хэдэн хүн дагаж, тагнасан тухай тэрээр цахим хуудсаар жиргэсэн. Чухам юу болсныг эрхэм гишүүнээс тодруулав.
-Таныг Тагнуулын ерөнхий газраас дагаж, мөрдсөн тухай мэдээлэл байна. Энэ тухай тодорхой мэдээлэл өгнө үү?
-Нэг их сүртэй зүйл болоогүй. Өнгөрсөн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө Тагнуулын ерөнхий газрын УБЦ 08-26 дугаартай машин намайг дагасан. Машин дотор дөрвөн хүн сууж явсан.
-Дагаж байгааг нь та яаж мэдсэн юм бэ?
-Машин дагаад байна гэж манай жолооч сэжиг авсан. Эхэндээ би Тагнуулын машин гэдгийг мэдээгүй. Ингээд Замын цагдаагийн газарт бичиг явуулж УБЦ 08-26 дугаартай машин хаанахын машин болохыг тодруулж өгөхийг хүссэн. Тэгтэл Тагнуулын ерөнхий газрын автобаазын машин гэсэн баримт гаргаж өгсөн. Тагнуулын ерөнхий газар нь жуулчны гудамжинд байрладаг гэсэн мэдээлэл ч гаргаж өглөө.
↧