Арвайхээр сумын 6 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтанд орж, тун удахгүй үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болоод байна.
Орон нутгийн хөгжлийн сангийн 400 сая төгрөгийн төсөвт өртгөөр 75 хүүхдийн хүчин чадал бүхий шинэ барилгыг “Эрч хүч” ХК барьж ашиглалтанд оруулаад байгаа ч хүүхдүүдийн хэрэглэх хөнжил, гудас, ширээ сандал бүрдээгүй байгаа учраас сургалт, хүмүүжлийн ажлыг эхлүүлээгүй байгаа юм. БСШУЯ-аас 20 гаруй сая төгрөгийн үнэ бүхий гал зуухны цахилгаан тоног төхөөрөмж, багш нарын сургалтанд ашиглах компьютерийг нийлүүлсэн бөгөөд хүүхдийн хэрэгцээний зүйлсийг орон нутагтаа зохицуулах үүрэг өгчээ.
Арвайхээр сумын өрх айлын тоо эрс өссөнөөс цэцэрлэгийн насны хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролын байгууллагад бүрэн хамруулж чадахгүй, үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгүүд бүгд ачаалал ихтэй ажиллаж байгаа. Шинэхэн цэцэрлэг ч мөн адил 75 хүүхдийн орон тоон дээр 90 хүүхэд авахаар төлөвлөөд байна.
↧