Бороо шивэрсэн зуны орой “Сувд арт” галерейг зорив.
Зураач, сийлбэрч Б.Мөнхцэцэг “Сийлбэрийн увидас” хэмээх гайхалтай үзэсгэлэнгээ тэнд дэлгэжээ.
Галерейн хаалгаар ороход цоо шинэ өөр ертөнцөд ирсэн мэт. Цэцэг барьсан хүмүүс, хөөцөлдөн гүйх хүүхдүүд бужигнана. Монголдоо анхдагч болсон энэхүү үзэсгэлэн үндэсний бичиг, калиграфф, сийлбэр зэргийг нэгэн цогц бүтээл болгосноороо онцлог.
Босго даваад хамгийн эхэнд “Хуланд” хэмээх бүтээл сонирхол татсан юм. Б.Мөнхцэцэг энэхүү бүтээлээ найрагч Ц.Хуланд зориулсан гэнэ. Бүсгүйн нэрийг монгол бичгээр бичин, модоор сийлбэрджээ. Гэхдээ зүгээр ч нэг нэрийг нь бичээд орхисонгүй. Үргэлж гоёдог бүрх малгайг нь хүртэл дүрсэлжээ. Цааш нь уншихад найрагч бүсгүйн нууцлаг төрхийг илтгэсэн мэт. Хүний сэтгэл, гадаад үзэмж, гоо үзэсгэлэнг уран бүтээлчийн нүдээр харж, монгол бичгээр, модоор сийлбэрдсэн гэхэд гайхмаар.
↧