Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны эрх бүхий агентлаг, албан тушаалтнуудын МИАТ компанид ашиглахыг зөвшөөрөөгүй “Аirbus-А 310- 300 Хубилай” онгоцыг хэдхэн хоногийн өмнө жолоодон ниссэн бельги нисгэгчид “Маш сайн хөлөг байна, цаашдаа иргэний агаарын тээвэрт ашиглаж болно” хэмээн үнэлжээ.
1998 оны тавдугаар сард Airbus Industry Financial Service байгууллагаас санхүүгийн түрээсээр авсан дээрх онгоцыг МИАТ компани 2008 онд өөрийн болгосон юм. Тус компанийн инженер техникийн ажилтнууд “Боинг”, “Airbus” маркийн онгоцонд зарим төрлийн засвар, үйлчилгээ хийх эрх авсныхаа дараа буюу 2010 онд засварлаж байгаад далавчийг нь гэмтээсэн. Энэ гэмтлийг зассан ч Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамныхан нислэг хийхийг зөвшөөрөөгүй юм.
↧