Ерөнхий сайд өөрийнхөө халаас руу өнгийсөн сахилгагүй нөхрийг хуулийн байгууллагад шалгуулахаар өгчээ. Учир нь мань эр ар, өврийг нь уудалж, өнөөх “Шинэчлэлийн 50 тэрбум”-ыг нь шиншлээд байж. Иймээс эрх баригчдад нааштай үйлчилгээ үзүүлдэг нэгэн байгууллагад хүн гүтгэсэн үндэслэлээр өгчихсөн гэнэ.
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж 2013 оны төсвийг хэлэлцэх үеэр Н.Алтанхуягийн халаасанд 50 тэрбумыг хийх санаачилга гарсан. Товчхондоо, кабинетынхных нь санал санаачилга. Сөрөг хүчний зүгээс эсэргүүцсэн боловч тэр мөнгийг баталж өгөхгүй бол гар мухар, хөл нүцгэн хүн юугаа хийх юм бэ гэж Ерөнхий сайд уцаарласан гэлцдэг.
Эцэст нь олонхийн саналаар асуудлыг шийдэж билээ. Гэхдээ бүр 2013 оны төсөвтэй хамт Төсвийн тухай хуулийн зарим заалтыг хамааруулахгүй байх тухай гэсэн дөрөвхөн заалтыг хамтад нь батлуулж дөнгөсөн юм.
↧