Малын гоц халдварт шүлхий өвчин өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгуудын найман суманд илэрсэн.
Уг өвчин анх илэрснээс хойш нийт 517 малд өвчний халдвар илэрснээс 512 малыг тусгай цэг байгуулан устгалд оруулжээ.
Сүхбаатар аймагт анх шүлхий өвчний голомт илэрсэн. Өвчний голомт өнгөрсөн сарын 27-нд Онгон сумын нэг, гуравдугаар багт сэжигтэй малаас дээж авч Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид өнгөрсөн сарын 30-нд хийсэн шинжилэхэд малын халдварт өвчний “А” ангилалд багтдаг олон улсын худалдааны хорио цээрт гоц халдварт шүлхий өвчин болох нь тогтоогдсон юм.Улмаар тус аймгийн Дарьганга, Наран, Баяндэлгэр, Түвшинширээ сумдад малын халдварт өвчин тархсан. Эдгээр сумдын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа аж.
Хэнтий аймгийн Галшар сумын Жаргалант багийн нутагт орших “Дунд булгийн эх” гэдэг газарт энэ сарын 7-ны өдөр нэг үхэр халдварт өвчний сэжиг бүхий шинж тэмдэгтэй байсныг шинжилхэд мөн шүлхий өвчний халдвар илэрсэн байна. Хамгийн сүүлд Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумдад шүлхий өнчин илэрснээр энэ сарын 10-ны өдрөөс хорио цээр тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүсэн ажиллаж байгаа аж.
↧