Монгол Улсын гавъяат тамирчин, ОУХМ Л.Болдбаатар Баян-Өлгий аймгийн “Алтай таван богд” ууланд авиралт хийгээд бууж явахдаа осолдсон талаар мэдээлсэн. Тэрээр 4050 метр өндөрт оршдог хамгийн хүйтэн “Малчин” оргилд охинтойгоо хамт авирсан. Охин Б.Үүрцайхын мэдээллээр нуралт үүссэнээс аав нь хавцал руу унасан байж болзошгүй гэдэг мэдээллийг өгөөд байгаа аж. Ингээд нөхцөл байдлын талаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын хэлстийн дарга, дэд хурандаа Б.Энхжаргалаас тодрууллаа.
-Эрлийн багт уулчид нэгдсэн байсан. Авиралтаа эхлүүлсэн болов уу?
-Манай эрлийн бүрэлдэхүүнд 44 хүн ажиллаж байгаа. Аймгийн Онцгой байдлын хэлтэс, цагдаа, хилийн цэргийнхэн, нутгийн иргэд нийлээд уулчин Л.Болдбаатарыг хайж байгаа. Уулчид өглөө авиралтаа эхлүүлэхээр төлөвлөсөн ч хараахан эхлүүлээгүй байна. Өчигдөр шөнийн 02:00 цагт уулын бэлд очсон. “Алтай таван богд” уулын бэл хүртэл 30 гаруй км газар явган явж хүрдэг. Тэгээд уулчид болон манай хоёр ажилтан уулын бэлд хоноглоод өглөө авирах гэж байсан. Гэтэл тэндээ хоноглох арга байгаагүй учраас малчин Олонбаярынд шөнө буцаж ирсэн. Одоо тэндээ хуралдаад өнөөдөр авирах эсэхээ шийдэх ёстой. Хариу хүлээгээд байж байна.
↧