Оюутолгойд ажилладаг нэг танил маань хааяа таарахаар ажлынхаа талаар ярьдаг байлаа. Сая гаруй төгрөгийн цалин авдаг, маний хажууд бол мөнгөтэй эр.
Гэвч цалингаа овоо байна, болж байна гэж нэг удаа үг унагаж үзээгүйг нь гайхдаг байв. Бидний хооронд Оюутолгойн талаар яриа өрнөх болгонд л “Оюутолгой бол тархи угаалт, мөнгө угаалт” гэж шууд хэлнэ.
“Оюутолгойд ажилладаггүй, хэрэггүй техник их бий. Өдөрт хоёр тонн дизель хэрэглэдэг нэг том “эд” тэдэн дундаа хамгийн том нь. Үеэ өнгөрөөгөөд, ашигтай ажиллагаа гэж байхгүй болсон эд. Тийм юмыг дэлхийн хаана ч ашиглахгүй. Гэтэл аваад л ирсэн байгаа юм. Тэр техник бодвол хөрөнгө оруулалтын тооцоонд аймаар үнэтэй л бичигдсэн байгаа. Энэ бол зөвхөн нэг жишээ. Өөр бас бус зүйл, үр ашиггүй зарлага зөндөө. Манай тэр хавьд хоёр зээр байдаг юм. Түүнийгээ ёстой нүдний цөцгий мэт хамгаална даа. Энд, тэндээс дарга, бизнесмэнүүд ирэхэд зээр явж таарвал учиргүй баярлана. Байгаль орчинд ямар ч нөлөөгүй ажил хийж байгаагаа батлах гэсэн хэрэг”.
Түүний яриа ийн үргэлжилнэ. Цалингийн талаар яагаад сэтгэл дундуур явдгийг нь тэсэлгүй асууж орхивол нөгөө л гомдонгуй аяс. “Үнэндээ Оюутолгойн захиргаанд ажил хийдэггүй хүн ихтэй. Мань мэт нь нүдээ чилтэл бичиг цаастай зууралдаж, орчуулга хийж байхад зарим нэг хүн зүгээр суусныхаа төлөө цалин авдаг. Намайг хариуцдаг даргын бичиг хэргийн ажилтан миний хийсэн ажлыг даргад оруулж өгөхөөс өөр ажил хийдэггүй. Тэгсэн атлаа өндөр цалинтай. Сайхан бүсгүй л дээ. Нэг даргын хүн юм гэсэн, нэрийг нь хэлээд яах вэ. Монголын том дарга нарын “чихээс” өнөөдөр Оюутолгойд дүүрэн байна шүү дээ. Нэг үед бүр арай дэндүү гэмээр их байсан.
↧