Монголын төрд нэг гажиг тогтолцоо бий болоод чамгүй удаж байгаа. Тодруулбал, намчирхлаас болж ах дүү, амраг саднаа төрийн албанд шургуулдаг, мэдлэгтэй мэргэжилтэнг мэдлэггүй хэнээтнүүдээр халж сольдог бичигдээгүй хууль хэрэгжээд удаж байна.
Ажилд орох анкет бөглүүлэхдээ хүндэлдэг улстөрч, нам эвсэл гэх асуулт оруулах нь холгүй болж, нэг дарга томилогдож ирэхдээ өөрийн багаа бүрдүүлнэ хэмээн ажилчдаа дураар нь халж сольж, насаараа салбартаа ажилласан, мэддэг чаддагаа улс орны хөгжлийн төлөө зарцуулж чадах хүмүүс намаар гадуурхагдан лааз өшиглөж байгаа бодит жишээг тоочиж барамгүй. Нам гэдэг төрийн мэдлэгтэй ажилтнуудыг ингэж дарамталж байна.
Нэгэн цагт төрийн албан хаагч байх, төрд хийсэн бүтээснээ үнэлүүлж, насаараа нэг салбарт ажиллаж жинхэнэ мэргэшсэн албан хаагч болдог байсан бол өнөө цагт төрийн алба дөрвөн жилийн хугацаатай болсон. МАН гарахад төрд ажиллаж байсан ажилчин дараа дөрвөн жилд АН-ынхан төр барихад ажлаасаа чөлөөлөгдөнө. Өөрийн хүсэлтээр гэх цэвэрхэн шалтаг хэлтэл нь дарамталсаар хөөгөөд явуулчихна.
Зарим нэг нь шүүх, цагдаадаа хүрч ажилдаа тогтож үлдэх ч энд тэндээс хялайх харц, даргын давилуун занг тэвчиж чадахгүй ажлаасаа зугтахад хүрдэг. Үүний нэг тод жишээ “Улаанбаатар төм зам” нийгэмлэг дээр гардаг юм байна. Монгол, Оросын хувь нийлүүлсэн энэхүү нийгэмлэгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Г.Сэрээнэндорж чамгүй удаан хугацаанд ажилласан. Тэрбээр удаан хугацаанд үүрэг гүйцэтгэгч гэж яваа бөгөөд хоёрдугаар сарын эхээр жинхэлж магадгүй гэх яриа байсан ч дахиад л “үүрэг гүйцэтгэгч” гэсэн албан тушаал дээр хэвээр нь үлдээж орхив.
↧