Н.Энхбаяр Солонгосоос ирэх гэнэ. Солонгос сүмд зочилж, адис хүртэж гэнэ. Намын удирдлагууд нь очиж золгож гэнэ...
Энэ ер нь хэнд хамаатай юм бэ. Тэр өнөөдөр монголчуудын хувьд хэн юм бэ. Монголын улс төрд түүнийг илэрхийлэх албан ёсны статус нь МАХН-ын дарга. Магадгүй энэ үүднээс харвал дээрх дэл сул мэдээллүүд тус намын гишүүд, дэмжигч, Н.Энхбаярын тойрон хүрээлэгчдэд туйлын чухал байж мэдэх юм. Тэгвэл МАХН гэж юу вэ. Үнэндээ энэ бол Н.Энхбаяр гэж хувь хүний нам. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд төрийн бүхий л өндөр, дээд албан тушаалыг хашиж явсан түүнд улс төрийн намын дарга байх л дутав гэж. Топ намыг толгойлж явсан түүнд “том” нэрнээс цаашгүй, цойлж ялгараад байх улс төрийн үзэл баримтлал, чиг баримжаа гэхээр зүйлгүй цоо шинэ, жижиг намтай зууралдах тодорхой шалтгаан байсан нь мэдээж.
Орхисон нэрийг хэрэглэж болохгүй гэсэн хуулийн тодорхой заалт, зохицуулалт байсаар атал МАХН нэрийг улайм цайм өөртөө авч, бамбай болгосон нь ч учиртай. Өөрөөр хэлбэл, Намбарын Энхбаярыг наранд байлгах найдвар нь МАХН. “ТВ-9” телевизийн тоног төхөөрөмжийг завшсан, МИАТ ХК-иар ачаа үнэгүй тээвэрлүүлсэн, “Өргөө” зочид буудал болон “Улаанбаатар таймс” сониныг хууль бусаар хувьчилсан, “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэх нэрээр улсад их хэмжээний хохирол учруулсан гэж дуулиантайхан шүүгдэж байсан ч уснаас хуурай гарахтай зүйрлэж болом ял сонсож, эцэст нь Төрийн тэргүүний уучлалд багтсаныг нь ч МАХН-тай холбож тайлбарладаг. Түүний “хэрэг” энэ мэтхэнээр дуусахгүй гэдгийг хэлж, хардах хүмүүс байсаар байгаа цагт МАХН, Н.Энхбаяр хоёр хөтлөлцсөөр байх биз.
↧