АНУ-д долоон монгол сургууль үйл ажиллагаа явуулдаг. Ерөнхий боловсролын тэдгээр сургуульд 500 хүүхэд сурч, 40 багш ажилладаг юм байна.
Энэ сургуулиуд саяхан нэгдсэн зөвлөлтэй болжээ. Тус сургуулиудын багш нартай уржигдар БШУЯны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр видео хурал хийсэн юм. Энэ үеэр багш нар “Америкт сурч байгаа хүүхдүүдийн аав, ээжээс төлбөр авдаг ч байр болон бусад зардал, багш нарын цалин олгоход хүндрэлтэй байдаг. Тиймээс энд суралцаж байгаа хүүхдүүдэд хувьсах зардал олгох боломж байна уу. Сурах бичиг, багшийн гарын авлагатай болгох, хүний нөөцийг чадавхижуулахад хамтарч ажиллая” гэсэн хүсэлт тавьжээ.
Монголын ерөнхий боловсролын сургуулиудад төрөөс хувьсах зардал олгодог.
Харин гадаадад монгол хүүхдүүдийг сургаж буй сургуулиудад хувьсах зардал олгохын тулд хуульд өөрчл өлт оруулах хэрэгтэй аж. Америкт амьдарч байгаа хүүхдүүдийн онцлогт тохирсон сурах бичиг зохиох хэрэгтэй гэдэгтэй БШУЯ-ныхан санал нийлж байв.
Америк дахь монгол сургуулиудын нэгдсэн зөвлөл монгол хэлээр хувилбарт сурах бичиг зохиож ирэх долдугаар сарын 1 гэхэд ирүүлэхээр болжээ. Үүнийг нь сурах бичиг зохиогч эрдэмтэд хянаад, боломжтой гэж үзвэл БШУЯ дэмжиж, хэвлүүлэх гэнэ.
Э.Эрдэнэ
↧