Кэйт Миддлтоныг одоо танихгүй хүн ховор биз ээ. Кэмбрижийн гүнгийн ахайтан, хунтайж Уильямын гэргий гэдгийг хүн бүр мэднэ.
Язгууртан гаралгүй энгийн нэгэн охин Их Британийн ханхүүтэй гэрлэх болсон нь Үнсгэлжингийн үлгэр амьдрал дээр биеллээ олсон мэт зарим нэгэнд нь санагдаж байсан биз.
Анхнаасаа л хүмүүжил сайтай Кэйт элдэв шоу цэнгээн, архи дарс, хөнгөн хуумгай явдлаас хол явж, үүний оронд хичээлдээ хамаг анхаарлаа хандуулж, чөлөөт цагаараа спортоор их хичээллэдэг охин байсан гэж найзууд нь дүгнэдэг.
Хунтайж залуу түүнийг тоосон нь азтай гэж хүмүүс боддог. Харин тэр өөрөө тэгж бодож явдаггүйгээ нэг удаа шулуухан хэлжээ. Нэгэн найз нь “Чи ханхүүг яаж уургалав аа? Чи их азтай юмаа” гэхэд “Үгүй ээ, би биш. Тэр надтай учирснаараа азтай хүн” гэж хариулж байсан удаатай.
↧