Увс аймгийн Тэс сумын 8 дугаар багийн нутаг Шар булаг гэх газраас өнгөрсөн сарын сүүлчээр Сибирийн шивэр гүлмэр олдсон байна.
Тэс сумын Таван улиасны дээхэн талд орших Намаржин гэх газраас Сибирийн шивэр гүлмэр 1993 онд анх олдож байсан бол 20 жилийн дараа тухайн газраасаа 25 км-ын зайнд ийнхүү олджээ. Баруун Монголын анхны сүүлтэй хоёр нутагтан амьтнаар тэмдэглэгдсэн Сибирийн шивэр гүлмэр нь үржлийнхээ үед усанд амьдраад дараа нь мод бутны үндэс дор орж ичдэг байна. Дэлхийн бүс бүслүүрийн заримдаг цөлд ордог хэсгээс тун ховорхон олддог шивэр гүлмэр нь Тэс сумын нутгаас олдсон нь онцлог байна.
Уг амьтан нь өдөрт 2 см, долоо хоногт 1-2 метрт явж идэвхтэй хөдөлгөөн үзүүлдэг, гаднаас нь харахад жижигрүүлсэн матар шиг биетэй аж. Урт, өргөн болон хүндийн жин зэрэг нарийн хэмжилтүүдийг Улаанбаатар хотод мэргэжлийн байгууллагууд хийж байгаа гэнэ.
↧