“Дижитал” хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг хүүгийнхээ ангийн нэг охинд туслахыг олонд уриалж буй.
Тэрбээр цахим хуудсандаа “Манай хүүгийн ангид ээжтэйгээ амьдардаг нэг охин бий. Ээж нь сэтгэцийн өөрчлөлттэй болохоор ажил олддоггүй. Охин Гандангийн ойролцоох дэлгүүрээс будаа зээлэн авч, тагтаа хооллож буй хүмүүст зарж олсон мөнгөөрөө сургуулийнхаа цайны газраас ээждээ хоол авч өдрийг өнгөрөөдөг гэнэ. Гэр нь дулаан хучилгагүй тул тэд их даарч, “Бөмбөгөр” худалдааны төв орж дулаацдаг байна. Охин хичээлдээ дуртай болохоор даалгавраа сайн хийдэг гэсэн. Сайхан сэтгэлтэй хүмүүстэй нэгдэж, охинд чин сэтгэлээсээ тусалмаар байна” хэмээн бичжээ.
Цахим хуудасны найзууд нь түүний санаачилгыг дэмжиж, “Сайн болоорой” аян эхлүүлэн, охин, ээж хоёрыг дулаан байранд оруулж, хандивын данс нээсэн байна.
↧