МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж хэд, хэдэн асуудал хэлэлцжээ.
Оны өмнө хоёр сайдыг огцруулах талаар хөндөж байсан бол энэ удаад Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад хариуцлага хүлээлгэх талаар ярилцжээ.
Х.Баттулга сайд ОХУ-аас 100 мянган тонн улаан буудай импортлох, түүнтэй холбоотой гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барьсны дагуу энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ.
МАН-ын бүлгийн зүгээс энэхүү хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж Сү.Батболд гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан талаараа мэдэгдлээ.
Сү.Батболд гишүүн “2012 онд манай улс улаан буудайн дотоодын хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй экспортлогч орон болсон. Гэтэл 2013 онд 369.8 мянган тонн улаанбуудай хурааж авчээ. Үүнийг 2012 онтой харьцуулахад 95.4 мянган тонноор буурсан үзүүлэлттэй байна. Гэтэл энэ онд Засгийн газар 30 гаруй сая ам.доллараар гаднаас улаан буудай авах гэж байна. 2012 онд нөөцийн 100 мянган тонн үр тариа хүлээлгэж өгч байхад одоо гаднаас импортын бүтээгдэхүүн авахад хүрсэн нь салбар хариуцсан Х.Баттулга сайд хариуцлага хүлээх ёстой” гэв.
↧