Манай улс 2012 онд үйлдвэрийн аргаар 51.3 сая литр сүү боловсруулсан бол өнгөрөгч онд 63.1 сая литрийг боловсруулжээ.
Уг нь манай улс жил бүр үнээнээсээ 407 сая литр сүү саах нөөцтэй ч дөнгөж 28 хувийг нь боловсруулан хэрэглэж байна. Үүний 15 хувийг малчид өөрсдөө цагаан идээ болгож, 13 хувийг нь үйлдвэрүүд боловсруулж байгаа аж. Гэтэл монголчууд жилд 445 сая литр сүү хэрэглэдэг. Уудаг сүүнийхээ дийлэнхийг гадаадаас авдаг гэсэн үг.
Сүүний үйлдвэрүүд гадаадаас хуурай сүү оруулж ирээд шингэрүүлэн савладаг. Энэ нь зун үнээний шингэн сүүг хураан хадгалах агуулах сав байдаггүйтэй холбоотой аж. Манай улсад 1-5 тонн сүү боловсруулах хүчин чадалтай 10, 10-аас дээш тонн сүү боловсруулах хүчин чадалтай 10, нэг тонн хүртэлх хүчин чадалтай 80 орчим үйлдвэр, цех ажиллаж байна.
↧