Дулааны улиралд халдварт өвчин ихсэх хандлага ажиглагддаг. Сүүлийн жилүүдэд манай орны агаар, хөрс их бохирдох болсон. Өвлийн цагт гудамжинд асгасан бохир хаврын улиралд хайлж агаарт дэгдэн үлдсэн хэсэг нь газартаа шингэн элдэв төрлийн нян үржих нөхцөл нь болдог талаар мэргэжилтнүүд ярьж байна.
Тиймээс урин дулааны цагт нэмэгддэг халдварт өвчин тэр дундаа гэдэсний халдвар буюу цусан суулга өвчний талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны гэдэсний халдвартай тэмцэх хэлтсийн их эмч Р.Ганжаргалтай ярилцлаа.
-Хаврын цагт халдварт өвчин нэмэгддэг. Энэ өвчний дэгдэлт ямар байгаа талаар яриагаа эхлэх үү?
-Энэ оны эхний гурван сарын байдлаар гэдэсний халдварт өвчний 340 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 3.2 хувийг эзэлж байна. Үүнд цусан суулга, хүнсний гаралтай хоолны хордлого, суулгалт халдвар, гар, хөл амны өвчин зонхилж байна. Улсын хэмжээнд гарч байгаа халдварт өвчний 80 орчим хувь нь нийслэлд бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэдэсний халдварт өвчнөөс цусан суулга их илэрч байна. Нийслэлийг өмнөх онтой харьцуулахад 0.3 хувиар буурсан ч 15 аймагт цусан суулга бүртгэгдсэн.
↧