Шинжлэх ухааны академийн Химийн хүрээлэн ӨАБНУ-ын Үйлдвэрлэлийн судалгаа шинжилгээний байгууллага хамтран хаягдал үнсийг дахин ашиглаж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр харилцан туршлага солилцох эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно.
Тус хоёр байгууллага 2011 онд Эрдэс түүхий эд, үйлдвэрлэлийн хаягдлыг гүнзгий боловсруулах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна. Үүнээс хойш манай эрдэмтэд тасралтгүй судалгаа хийж цахилгаан станцын хаягдал үнсээр геополитер хэмээх материал гаргасан байна.
“Үнс ашиглан цемент хийж байгаа материалыг геополимер гэдэг. Манай эрдэмтдийн хийсэн лабораторын судалгааны ажил амжилттай болсон. Үүнийг томсгосон хэлбэрээр туршиж үзэхийн тулд инновацийн төсөл хэрэгжүүлнэ. Геополимерийг гаргахын тулд натрийн шүлт ашиглана. Натрийн шүлтийг бид худалдаж авдаг. Тиймээс цемент нь зах зээлд худалдаж байгаа цементтэй ойролцоо өртгөөр гарч байгаа, чанарын шаардлага ч хангаж байна.
Гэхдээ гол ач холбогдол нь хаягдал үнсийг дахин боловсруулж байна. Цахилгаан станцын хаягдал үнс асар их талбай эзэлдэг. Энэ нь Улаанбаатар хотод тоосжилт үүсгэдэг сөрөг нөлөөтэй. Тиймээс үнсийг дахин боловсруулах технологи манайд хэрэгтэй. Бид энэ судалгаагаа өргөжүүлэн үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн тулд сонирхсон байгууллагуудад сурталчилна” гэж тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, академич Ж.Тэмүүжин ярив.
ӨАБНУ Африк тивийнхээ цахилгаан эрчим хүчний 90 хувийг хангадаг. ДНБ нь жилийн 12 мянган ам долларт хүрсэн, тивийнхээ хамгийн өндөр хөгжилтэй улс юм. Тус улс манайхтай адил түүхий нүүрс ашигладаг учир хаягдал үнс их хэмжээгээр гардаг.
Тиймээс үнсийг дахин боловсруулах судалгаа шинжилгээний ажлыг хамтран хэрэгжүүлэх, харилцан туршлага солилцох сонирхолтой манайхыг зорьж иржээ.
↧