Сүүлийн үед бизнесүүд хаа сайгүй хүндэрч, байгууллагууд цалин, хөлсөө тавьж чадахгүй болж байх шиг. Бүр цаашилбал, хүндрэлд орсон байгууллагууд түрүүчээсээ цомхотгол хийж эхэллээ. “Мобиком” л гэхэд 200 гаруй ажилтнаа цомхотгосон тухай мэдээлэл саяхан ил болсон билээ. Байгууллагууд цалингаа тавьж чадахгүйд хүрч, ийнхүү санхүүгийн хүндрэлд орсон нь эдийн засагт мөнгө дутагдаж эхэлсний шинж. Энэ хүндрэл өнгөрсөн жилээс эхэлсэн ч Монголбанк шийдвэртэй арга хэмжээ авч, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр 170 гаруй мянган ажлын байраа хамгаалан авч үлдэж чадсан. Харин он гарсаар мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад харьцангуй хумигдаад эхэллээ. Монголбанк дэд хөтөлбөрүүдээ үргэлжлүүлнэ гэж байгаа ч эдийн засгийн нөхцөл байдал, ам.долларын ханштай холбоотойгоор өнгөрсөн жилийнх шиг зоригтой хөдөлж чадахгүй байх шиг.
↧