Ц.Мөнхбаяр нарын гомдлыг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр авч хэлэлцэнэ. Ар гэрийнхний мэдэгдэж байгаагаар шүүх хурал өнөөдөр 08.30 минутаас товлогдсон байгаа. “Монголын шүүх эх орныхоо төлөө тэмцсэн таван хүнд хорин нэг жил нэг сараас хорин нэгэн жил зургаан сарын ял өгсөн. Ангилахгүйгээр л шууд ялласан. Давж заалдах шатны шүүх хурлаар анхан шатны шүүх хурлын алдаатай ял шийтгэлээ эргэж харах ёстой. Гэм буруугүй эх орон газар шорооныхоо төлөө тэмцсэн хүмүүсийг цагаатгах болов уу гэж найдаж байна. Ямар ч гэм буруугүй хүмүүс шүү дээ” хэмээн хоолойгоо зангируулан ярих энэ эмэгтэйг З.Энхсайхан гэдэг. Иргэний хөдөлгөөнүүдийн зохион байгуулсан жагсаалын үеэр ял аваад буй таван хүний ар гэрийнхэн нь ирцгээсэн нь энэ. 21 жил зургаан сарын хорих ял аваад байгаа Ж.Ганболдын эхнэртэй цөөн хором ярилцлаа. Түүний хүү, охин нь “Миний аав террорист биш” биш гэсэн бичиг бүхий анонс нөмөрч жагсаалд оролцсон юм.
↧