Өдгөө манай гариг дээрх 88 хүүхэд тутмын нэг нь аутизмын эмгэгтэй гэсэн статистик бий.
Манай улсад аутизмтай хэчнээн хүүхэд байгааг хэн ч мэддэггүй. Харин ийм эмгэгтэй хүүхдүүдийн эцэг, эх нэгдэн, төрийн бус байгууллага байгуулжээ. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 2 Аутизмыг таниулах дэлхийн өдөр бол энэ сарыг дуустал ийм эмгэгтэй тэмцэх өдрүүд үргэлжилдэг юм байна.
Ийм эмгэгтэй хүүхдүүдийн эцэг, эхийн санаачилсан “Анд хүүхдүүд” ТББ-ын тэргүүн Л.Нямгэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.
-Аутизмын талаар хүмүүс тэр бүр мэддэггүй. Сүүлийн үед Монгол Улсад ийм эмгэгтэй хүүхдүүд нэмэгдэх хандлагатай байгаа гэсэн?
-Аутизм нь мэдрэлийн системийн хөгжлийн эмгэг юм. Монгол хэлээр орчуулсан зарим материал дээр зожигрох, нийгмээс тусгаарлагдаж өөрийнхөө бий болгосон ертөнцөд амьдрах эмгэг гэх мэтээр бичсэн байдаг. Дэлхий нийтэд аутизмын тухай ойлголтыг маш өргөн хүрээнд ярьж байхад өдгөө манайд энэ тухай мэддэг хүмүүс гэвэл зөвхөн аутизмтай хүүхэдтэй гэр бүл, тэдний эргэн тойрныхон, эсвэл оюуны бэрхшээлтэй хүмүүстэй ажилладаг байгууллага, сургууль, багш, эмч нараар л хязгаарлагдаж байна.
↧