Шадар сайд Д.Тэрбишдагваар ахлуулсан Улсын онцгой комиссын ажлын хэсгийнхэн өчигдөр хуралдлаа. Тэд Сүхбаатар аймгийн дөрвөн суманд тархсан мал амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалт, вакцины хүрэлцээний талаар ярилцаж богино хугацаанд намжаах ямар гарц байгааг хайв.
Одоогийн байдлаар Сүхбаатар аймгийн Онгон суманд 100, Наран суманд 22, Баяндэлгэр суманд долоо, Дарьганга суманд гурав нийт 132 үхэр шүлхийгээр өвчилснөөс 104-ийг нь устгасан байна.
Манай оронд шүлхий өвчний дэгдэлт ихэвчлэн зүүн аймгуудад гардгийг хуралд оролцогчид онцолсон.
Хамгийн сүүлд өнгөрсөн оны долдугаар сард Баян-Өлгий, Дорнодын таван сумыг хамарч гарсан шүлхийгийн улмаас 1387 малыг устгаж, улсаас нийт гурван тэрбум төгрөгийг зарцуулжээ. Сүхбаатар аймагт гарсан шүлхий өвчин хил дамжин орж ирсэн байж болохыг албаныхан хэлж байсан.
Өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр БНХАУ-д энэ өвчин гарсан байна. Хятадаас гадна Тайван, Казакстан, ОХУ, Вьетнам улсад ч шүлхий өвчин гарсан гэнэ. Шүлхий өвчин дэгдсэнтэй холбоотой вакцины хүрэлцээ муу байгааг онцгой байдлынхан уламжилсан. Тэдний хэлж байгаагаар Сүхбаатар аймагт шүлхий өвчний голомтыг устгах, хяналтад авах мал эмнэлгийн арга хэмжээний зардалд одоогийн байдлаар 900 гаруй сая төгрөг шаардлагатай гэнэ.
Хуралдааны үеэр албаны хүмүүс юур ярьсныг тоймлоё.
ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж: -Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр сумын халдварын зургаан голомтод 293 хүн, 64 тээврийн хэрэгсэл үүрэг гүйцэтгэж байна. Халдварын голомтод 47 өрхийн 183 хүн байгаа. Үүнээс Онгон сумын шүлхийн голомтод 17 өрхийн 101 хүн, нийт 14838 толгой мал, Дарьганга сумын голомтод 11 хот айлын 17 өрх, 51 хүн амьдарч байгаа мэдээтэй байна. Хүн, мал, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж чанд хатуу мөрдөж ажиллах шаардлагатай байгаа. Мөн өвчний гаралт нэмэгдэх хандлагатай байгаагаас аймгийн хэмжээгээр ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисын хэрэгцээг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна.
↧